Монгол Улсын хүн амын амьжиргааны түвшин, ядуурлын байдлыг тодорхойлсон "Монгол Улс дахь ядуурлын дүр төрх" тайланг Үндэсний Статистикийн Хорооноос 2010 онд улсын хэмжээнд явуулсан "Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаа"-ны үр дүнд үндэслэн гаргалаа. Энэхүү түүвэр судалгаа нь үндэсний хэмжээний томоохон судалгаануудын нэг бөгөөд судалгааны бүхий л үе шатны ажилд оролцсон үндэсний статистикийн төв, орон нутгийн байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын хамтын хөдөлмөр, судалгаанд хамрагдсан манай орны 11 мянга гаруй өрхийн оролцоо, хичээл, зүтгэлийн үр дүн шингэсэн гэдгийг юуны өмнө онцлон тэмдэглэж байна.