Ц. Оюунгэрэл нь олонд танигдсан улс төрч, нийгмийн зүтгэлтэн төдийгүй Монголын номын зах зээл дэх шилдэг борлуулалттай номуудын зохиогч юм. Түүний “Америкт суралцсан тэмдэглэл” /2007/, “Нүүдэлчний яриа” /2008/, “Миний ажлын ноу-хау” /2010/ номууд нь англиар ярьж сурах хүсэлтэй хүмүүс, гадаад оронд суралцах оюутан залуус, эх орондоо амжилттай ажиллахыг хүссэн хэн бүхний ширээний ном нь болж чадсан. Мөн “Гэрт болсон яриа”/2011/ ном нь хүн амын эрүүл мэндийн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж байна.
Түүний бичсэн “Ногоон нүдэн лам” түүхэн роман нь 2008 онд анх олны хүртээл болсноосоо хойш жил бүр шилдэг борлуулалттай номоор шалгарч, уран зохиолын ертөнцөд “хамгийн их уншигддаг” ном болсон төдийгүй гадаад зах зээл дээр хэвлэн нийтлэгдэхээр бэлтгэгдэж байгаа билээ. Ц.Оюунгэрэлийн бичсэн “Хотол цагаан” /2009/ радио жүжиг нь олны хүртээл болмогцоо Монголын Үндэсний олон нийтийн радиогийн алтан фондод хадгалагдахаар шалгарсан. Уг жүжгийн зохиолыг Монфемнет үндэсний сүлжээ монгол уншигчдадаа зориулан хэвлэн нийтэлж олны хүртээл болгосон ажээ.