ХИАД ТӨМӨРИЙН ЖААВАА
Монгол Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультетийг нягтлан бодогч эдийн загийн тэргэжлээр төгссөн. Монгол Улсын Их Сургуульд 1994 онд эдийн засгийн ухааны докторын (Ph.D) зэрэг, 2003 онд Шинжлэх Ухааны Академийн дэргэдэх эрдмийн зөвлөлд шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг хамгаалж, 1996 онд дэд профессор, 2006 онд профессор цол хүртсэн, монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, Ази номхон далайн бүсийн аудитор эрхтэй. МУИС-ийн багш, эрдэмтэн нарийн бичгийн дарга, зөвлөх профессор, эдийн засгийн мэргэжлээр боловсролын доктор, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл, Монголын нягтлан бодох мэргэшлийн удирдах зөвлөлийн гишүүн, бизнесийн орчны нягтлан бодох бүртгэлийн салбар хорооны хорооны дэд дарга, “Эдийн засаг: онол практик”, “Бизнес ба инноваци” зэрэг олон сэтгүүлд редакцийн гишүүн байсан. Мэргэжлээр 35 нэг сэдэвт ном бүтээл (орос хэл дээр 3, англи хэл дээр 2 ) бичиж, 16 сурах бичиг, гарын авлага зохиож 11 ном товхимол орос, англи хэлнээс эх хэл рүү орчуулж хянан найруулсан, эрдэм шинжилгээний 200 өгүүлэл бичсэний 6 нийтлэл орос хэл дээр, 17 бичгийн ажил (Research Paper) англи хэл дээр хэвлэгдсэн.
Гадаад дотоод 8 төслийн удирдагч, зохицуулагч, зөвлөх, гүйцэтгэгчээр ажиллаж, Олон улсын болон үндэсний хурал семинарт 80 илтгэл (орос хэл дээр 3, англи хэл дээр 13) хэлэлцүүлж бизнес, төсвийн 50 гаруй нэгж байгууллагад өртгийн удирдлагыг төгсжүүлэх туршилт хийж шинжлэх ухаан, технологийн 24 ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.