Өмнө зүгийн Луугийн улс руу хийсэн аян дайн энэ удаа урьд үеийнх шиг гайхамшигт ялалт Хөх улсад авчирсангүй. Хойд зүгээс мөнхөд халдан түрэмгийлэх хүчирхэг дайснаа залуу баатар улаан шуурга хочит Ли баогийн хүчээр эх нутаг дээрээ буулган авсан Луугийн улсын эзэн хаан энэ завшаанаар тэднийг нэг мөр бут цохиж, үүний сацуу мангасын хааны долоон сахиусыг гартаа оруулж мөнх насыг олохоор их цэргээ хуралдуулж эхлэв. Хөх улсын хаан дайнд ялагдсан улсынхаа агуу баатар Урт сахалтыг цаазлах тушаал гаргасан нь олон хүнийг цочирдуулав. Эртнээс нааш өмнө зүг рүү уулгалан довтолж газар нутгаа тэлж ирсэн Хөх улс энэ удаа өмнөөс ирэх дайралтыг тогтоон барих бодит аюул тулгарчээ. Мангасын хааны гучин долоон чөтгөрийн нэг аянгын хаан Барын нүд шар луугийн хийдэд жаран жилийн дараа дахин гарч ирэн цуст аллагаа үйлдэж эхэлсэн нь мартагдах дөхсөн албингуудын аюулыг дахин дуудсан хэрэг боллоо.